Элчин сайд Ц.Болор, “Монгол-Германы Эдийн засгийн клуб” (ЭЗК)-ын тэргүүн Н.Эрдэнэцогт нар энэ оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Гарын үсэг зурах арга хэмжээнд ЭСЯ-ны зөвлөх Д.Баттөр, 1-р нарийн бичгийн дарга Д.Мөнхбаатар болон ЭЗК-ын гишүүн Б.Энхтүвшин, С.Батбэх нар байлцав.
Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд ЭЗК-ын зүгээс дэвшүүлсэн тодорхой санал санаачилга, төслийг хэрэгжүүлэхэд ЭСЯ дэмжлэг үзүүлж ажиллахаар тусгасан бөгөөд ЭСЯ-наас хэрэгжүүлэх аливаа арга хэмжээнд ЭЗК мөн дэмжлэг үзүүлж ажиллах юм. Монгол Улсаа сурталчлах соёлын болон бизнесийн арга хэмжээнд хамтран ажиллаж, цаашид санамж бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс тогтмол харилцан мэдээлэл солилцож байх механизмыг бүрдүүлэхээр болж байгаа юм.
ЭЗК-ын тэргүүн Н.Эрдэнэцогт энэхүү санамж бичгийг байгуулснаар өнөөг хүртэл идэвхитэй өрнөж ирсэн хоёр талын хамтын ажиллагаа улам гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж баяр хүргэв. Элчин сайд Ц.Болор санамж бичгийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдээд, ажлын өндөр амжилт хүсэв.