ТАЛАРХАЛ

Von | Juli 23, 2017

Улсын хэмжээнд Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад тус бүр 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 4 түймэр, нийтдээ 12 түймэр гарч ОБЕГ-ын харъяа Аврах тусгай анги, Нийслэлийн ОБГ, орон нутгийн Онцгой байдлын газруудаас бүрэн хүч бололцоогоор ажиллаж байгаа хэдий ч хүч нь хүрэхгүй, түймрийн тархалтад санаа тавьж иргэд сайн дураараа нэгдэж буй бол хилийн чанадаас ч гэсэн холбоод хандивын аян өрнүүлж эхэлсэн билээ.  Бид ч эх орныхоо байгалийг хамгаалах, халуун эх оронч Онцгой байдлын баатрууддаа туслах хандив цуглуулах аянд нэгдэж ХБНГУ-даа хандивын аянг өрнүүлсэн билээ.

СЭТГЭЛ ЗҮРХЭЭРЭЭ ДЭМЖСЭН УУГУУЛ НУТАГ, СУУГУУЛ НУТАГ НЭГТ НИЙТ АХАН ДҮҮС ТА БҮХЭНДЭЭ ХАМТ ОЛНЫХОО БОЛОН НИЙТ ГЕРМАНЫ МОНГОЛЧУУДЫН НЭРИЙН ӨМНӨӨС ДАХИН ТАЛАРХАЛАА ИЛЭРХИЙЛЬЕ.

Хамтран зүтгэж хандив цуглуулах ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан Wellness-Oase „Aralya“ Балдай Цасцэцэг, Transeurasia paket service – Transeurasia Сүрэнгэрэл нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. 

Эх орны минь онгон ногоон байгаль мөнх оршиг

MDWK e. V.

2017 оны 7 сарын 24–ний өдөр:  Холбооны Бүгд Найрамдах Герман улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд, төрийн бус байгууллага, иргэдээс сэтгэлийн хандив  9.404.640 төгрөгийн хандив цугларсаныг  “Монгол-Германы эдийн засгийн клуб”-ын дэд тэргүүн Н.Болд, Удирдах зөвлөлийн гишүүн Т.Болдгэрэл, Д.Эрдэмбаяр, н.Бэхбат нар төлөөлөл болон ОБЕГ-ын удирдлагуудад гардуулан өглөө. Уг хандивын мөнгийг гал түймэртэй тэмцэх техник хэрэгслийг сайжруулах ажилд зарцуулахаар төлөвлөж байна гэж Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогбаяр хандив өгсөн төлөөлөгч нарт хандан хэллээ.

 

Захидал : Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газарт

Энэ тахиа жилийн ер бусын халуун, хуурай  зуны  байгалийн аюулт үзэгдэл, гамшиг  эрдэнэт хүний амь- эрүүл мэндэд  эрсдэл үүсгэж, байгаль орчин маань ихээхэн сүйрч, иргэдийн амьжиргаа, улс орны маань эдийн засгийн тодорхой салбаруудад үүссэн хүндэрлийг  бид хамтдаа даван туулахын төлөө бүхий л чиглэл, шатлалаар хүч нэгдэж байна.Энэ  цул хүчний нэгж эс нь бид билээ. Гамшгийн нөхцлийг даван туулах ажиллагааны техникийн нөхцлийг сайжруулах зайлшгүй шаардлага байгааг энэ жилийн гал түймрийн аюул тодхон харууллаа. Хүн бүрийн аюулгүй байдал хөндөгдсөн эл асуудалд зөвхөн төрийг харж суух биш, иргэний нийгэм, төрийн байгууллагын хамтын ажиллагааны ач холбогдол өнгөрсөн долоо хонoгуудын үйл явдалаас харагдлаа.  Улс орон даяар өрнөж буй хандивын аянд хилийн чанадад суугаа нутаг нэгтнүүд зүрх сэтгэлээрээ хийгээд үйлдлээрээ нэгдэж байдгийг ч өнгөрсөн хонoгуудын хандив хүргэх мэдээнүүд харуулж байна. ХБНГУ дахь Монгол-Германы Эдийн Засгийн Клуб гишүүдийхээ хүрээгээр хязгаарлалгүй тус улсад сурч, ажиллаж амьдарч буй Монгол иргэдээ хандивын аянд  уриалснаар ТББ байгууллага, иргэдийн 100 орчим хандив цуглуулж, мөнгөн дүнгээр  9.404.640 болсоныг өнөөдөр бид нийт хандивлагчдаа төлөөлөн Та бүхэнд гардуулан өгч байгаадаа баяртай байна.

Энэ завшааныг ашиглан ард иргэдийнхөө аюулгүй байдлын төлөө шаардлага гарвал амь насаараа дэнчин тавин, гал ус, халуун хүйтэнд өдөр шөнөгүй зүтгэж байдаг Баатрууддаа ХБНГУ дахь МГЭЗК-ийн хамт олны өмнөөс гүн талархал илэрхийлж байна.  Хандивын аянд нэмэр болохоор  сэтгэл, үйлдэл нэгдсэн бүх хүний нэрсийн жагсаалтыг хавсаргалаа.

Монгол-Германы Эдийн Засгийн Клуб –ын гол  зорилтуудын нэг нь “Суугуул нутгаас- Уугуул нутагт” чиглэсэн үйл ажиллагаа юм. Иймээс гамшгаас урьдчилан сэргийлэх, нэгэнт бий болсон онцгой байдлыг даван туулах ажиллагаа бараг 90% сайн дурын өөрөөр хэлбэл ТББ-уудын хувилбараар зохицуулагддаг Германы гамшигтай тэмцэх байгууллага, тэдний үйл ажиллагааны туршлагаас  эл асуудлын бодлого, хэрэгжилт хариуцсан төрийн болон иргэний санал, санаачлагын байгууллагуудад мэдээлэл хүргэх, хамтран ажиллах санал дэвшүүлж буйг хүлээн авна уу?

Сайн сайхныг ерөөн мэндчилсэн

Тэргүүн Н. Эрдэнэцогт

 

Хэвлэлийн мэдээ WWW.NEWS.MN 2017-07-24 17:05:00

Холбооны Бүгд Найрамдах Герман улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын сэтгэлийн хандив өргөлөө

Ойн түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдийн санаачлагаар эхлүүлсэн хандивын аянд гадаад улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань олноор нэгдэж, өөрсдийн сэтгэлийн хандиваа илгээсээр байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын сэтгэлийн хандивыг “Монгол-Германы эдийн засгийн клуб”-ын дэд тэргүүн Н.Болд, Удирдах зөвлөлийн гишүүн Т.Болдгэрэл, Д.Эрдэмбаяр, н.Бэхбат нар ОБЕГ-ын удирдлагуудад гардуулан өглөө. Хандивын аяныг тус клубынхэн санаачлан зохион байгуулсан бөгөөд ХБНГУ-д ажиллаж амьдарч байгаа 100 гаруй төрийн бус байгууллага, иргэдээс 9.404.640 төгрөгийн хандив цугларсан байна.

Уулзалтын үеэр тус клубынхэн ОБЕГ-ын удирдлагуудтай санал солилцож, цаашид Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагатай олон зүйл дээр хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Мөн өнөөдөр “Хос Аз ХХК”-аас 5,000,000 сая төгрөгийн хөдөлмөр хамгааллын гутлыг ОБЕГ-т хүлээлгэн өгсөн бол “Монхорус Интернэйшл ХХК”-аас ажилчдынхаа нэг өдрийн цалингийн үнийн дүнтэй тэнцэх үлээгч аппарат, хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцсыг бэлэглэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

 

Хэвлэлийн мэдээ: ГАДААДАД СУУГАА МОНГОЛЧУУД ОБЕГ-Т НИЙТ 75 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАВ

2017-07-31 15:50:30 Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсад нүүрлээд буй түймрийг унтраах ажилд нэмэр болохоор хилийн чанад дахь монголчууд 75 сая төгрөгийн мөнгөн хандив цуглуулсныг “Хилийн чанад дахь монголчуудын холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн С.Цэрэндэмбэрэл ОБЕГ-т гардуулан өглөө.

Тэрбээр “Монгол Улсад маань энэ жил их хуурай халуун зун болж байна. Үүнээс үүдэн орон даяр гарсан түймрийг унтраахад хилийн чанад дахь монголчууд маань ч гэсэн гар бие оролцож байна. Тухайлбал Швед, Франц, Австрали, ХБНГУ, Англи, БНСУ, Ирланд, АНУ-д суугаа монголчууд 75 сая төгрөгийн хандив босголоо. Хандивын мөнгийг цугларуулж ОБЕГ-т хүлээлгэж өгөх ажлыг манай байгууллага буюу “Хилийн чанад дахь монголчуудын холбоо ТББ” хариуцан ажиллалаа” хэмээв.

Хандивыг ОБЕГ-ын дэд дарга хурандаа П.Баттогтох хүлээн авч хандив өргөсөн хилийн чанад дахь нийт монголчууддаа талархснаа илэрхийлж хандивын мөнгийг ОБЕГ гал түймэртэй тэмцэх үйлсэд зарцуулна хэмээлээ

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert