Print

2014 оны 4 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Берлин хотноо “ХБНГУ дахь Монгол, Монгол-Германы ТББ-уудын Зөвлөлийн ээлжит 2-р хурал” ЭСЯ-нд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Зөвлөлийн хуралд Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч, Элчин зөвлөх Доктор Б.Мандахбилэг, ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Ц.Батмөнх, Соёлын атташе Ч.Батбилэг нар оролцож, Гадаад дахь Монгол иргэдийн ТББ-ууд, төрийн байгууллагуудтай харилцан ажиллах оновчтой хэлбэр, уялдаа холбооны талаар санал солилцож, үнэтэй санал зөвлөгөө өгсөн болно. Элчин сайдын яам Зөвлөлийн үйл ажиллагааг цаашид тууштай дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Тус хуралд Майдар холбоо, Улаанбаатар холбоо, Хаан эрүүл мэндийн тусламж холбоо, Штуттгарт хот дахь Монгол академчдийн холбоо, Монгол-германы эдийн засгийн клуб, Цог клуб, Умардрайн-Вестфален герман-монголын хаалга, Аахен хотын Монгол оюутнуудын холбоо, Нюрнберт хотын Эрдэм Монгол сургууль зэрэг ТББ-уудын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, тэргүүн нар болон Эрдэм, Солонго, Од болон Ирээдүй монгол сургуулиудын захирал, багш нар оролцов.

Мөн тус хуралд Freunde der Mongolei e.V., Дойче-Монголай Форум, Урбан-Номадс Монгол Ситизен ТББ-ын төлөөлөгчид зочноор оролцлоо.

Хурлыг Зөвлөлийн ажлын 2014 оны эхний хагас жилд удирдан явуулж буй Монгол-Германы эдийн засгийн клубийн тэргүүн Н.Эрдэнэцогт нээж клубын зүгээс болон хувиасаа энэхүү ТББ-уудын нэгдэл хамтын ажиллагаанд чиглэсэн үйл ажиллагаа бодит ажил хэрэг болон урагшилж байгааг сайшаагаад, Клубынхээ талаар товч танилцуулаад, Зөвлөлийн зүгээс анхаарч ажиллах, санал санаачлага гаргаж болох асуудлуудын талаар саналаа хүргэлээ.

Хүрэлцэн ирсэн төлөөлөгчид хурлын үеэр Зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр болон уялдаа холбооны талаар гүнзгийрүүлэн санал солилцож, мөн энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Штуттгарт хот дахь солонго сургуулиас санаачилсан Монгол сургууль төслийг хэлэлцээд "Монгол хэл" төсөл хэмээн нэрлэж ажлын хэсгийг үүсгэн байгуулав.
Мөн ТББ-ууд өөрсдийн энэ онд болох гол гол үйл явдлын талаар мэдээлэл солилцоод, Холбоод тус тусын зүгээс энэ онд төлөвлөсөн ажлуудын талаарх мэдээллээ бусаддаа хүргэн, үйл ажиллагаагаа танилцуулав.

Түүнчлэн Гадаад харилцааны сайдын санаачилгаар энэ оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж буй “Хилийн чанадад суугаа Монголчууд-Эх орондоо”сэдэвт чуулга уулзалтад ТББ-ууд хэрхэн оролцох, санал санаачлагаа дэвшүүлэх талаар хэлэлцээд, гишүүн ТББ байгууллагуудаас энэ оны 4 сарын 30 дотор өөр өөрсийн санал, хүсэлтээ ирүүлэн, нэгдсэн байдлаар дэвшүүлэхээр болов.


Зөвлөлийн дараагийн ээлжит хурлыг 2014 оны 6 сарын 13-15 -ны өдрүүдэд зохион байгуулагдахаар товлосон ба тус хурлаар Берлин хотын Цог Спорт клуб зөвлөлийн үйл ажиллагааг 2014 оны 2 дахь хагас жилд удирдан явуулахаар шилжүүлэн авах юм.

ХБНГУ дахь Монгол, Монгол-Германы ТББ-ууд хоорондын харилцан мэдээлэл, туршлага солилцох, нэгдсэн сүлжээ байгуулах, үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах замаар
Монгол Улс, ХБНГУ-ын хоёр талт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилго бүхий Зөвлөлийн энэ удаагийн хурал ийнхүү амжилттай болж өндөрлөлөө.

MDWK e. V.

gez. B.Enkhtuvshin